Life as an international student in Hong Kong

Сайн байцгаана уу? Энэхүү бичвэрийг уншиж байгаа бүх хүмүүстээ энэхүү өдрийн мэндийг хүргэе. Намайг Ж. Нандин-Эрдэнэ гэдэг, БНХАУ-ын тусгай захиргааны бүс болох Хонг Конг хотод сурч амьдардаг. Одоогоор City University of Hong Kong сургуульд Олон улсын харилцаа ба Нийтийн бодлого чиглэлээр 1-р курсд суралцаж байна.
Дэд сэдэв болгоны төгсгөлд нь нэг нэг зөвөлгөө бэлдсэн учраас их зүйл уншихаас залхуурч байвал сүүлийнх нь өгүүлбэрүүдийг харахыг санал болгоё.
12 жил ба Англи хэл
Миний хувьд ер нь багаасаа англи хэлдээ сайн хүүхэд байсан учраас 11-р ангид ортлоо өөрийнхөө хэлний чадварт эргэлзэж эсвэл сэтгэл дундуур байж үзээгүй ээ. 6-р ангиасаа эхлэн олон төрлийн хэлний курс, дамжаагаар явж ирсэн болохоор бага багаар хэлнийхээ чадварыг сайжруулсаар ирсэн. 11-р ангид ортол гэж байгаагийн учир нь, 8-р ангиасаа эхлэн өөрт тохирсон 12 жилийн сургууль олохгүй явсаар, 11-р ангид ордог жилдээ Absolute-Elite сургуульд шалгалт өгч тэнцээд орсон юм. За тэгээд л ер нь миний англи хэл хангалттай хэмжээнд хүрээгүй байсныг ойлгосон доо. Absolute-Elite сургуульд орсон өдрөөс эхлээд л үг цээжлэх, IELTS гэх мэт өмнө нь миний нээх чухалчилж авч үздэггүй байсан зүйлүүд хичнээн чухал гэдгийг ойлгосон юм даа. Абсолют сургалтын төвийн IELTS-ын үндсэн ангид суух, сургуулийнхаа багштай ганцаарчилж бэлдэх зэргээр ихэд бэлдэж 11-ээ төгсдөг жилдээ 7 оноо авсан. Ер нь 11-р анги бол миний хувьд маш чухал жил байсан л даа. 11-тээ их зүйл хийж дуусгасан тулдаа 12-р ангидaa санаа зовох зүйлгүй, GAP авалгүй, цаг хугацааг найзууд, гэр бүлтэйгээ өнгөрөөж дуусгасан. Тиймээс миний өгөх гол зөвөлгөө бол:
ЦАГИЙГ НЬ БҮҮ ТУЛГААРАЙ.-
IELTS
Хувийн туршлагаасаа одоо дүгнэхэд IELTS ер нь нэг ижилхэн төрлийн форматтай байдаг ба тэр форматыг ойлгоход л маш өндөр оноо авах боломжтой байдаг юм байна лээ. Ямар ч зүйлийг удаан хийж байж сайжирдгийн адил IELTS-ийг ч гэсэн их бэлдэж, их цаг хугацааг зориулах тусам тэрхүү форматанд сайн дасаж, зүй тогтлыг нь ойлгоно. Нэг ойлгочихсон зүйл бол цаашид ч хэрэг болох юм байна лээ. Тэр тусмаа Хонг Конг руу их сургууль сонирхож байвал, энд төгсөхдөө бас заавал IELTS өгч, оноотой болж байж төгсдөгийг мэдээд авчихад илүүдэхгүй байх. Эцсийн эцэст энэ шалгалт бол чамайг тодорхойлохгүй, зөвхөн чиний Англи хэлний түвшинг л тогтоох зорилготой гэдгийг толгойдоо бодчихвол айдасгүй болж, өөртөө тохируулж бэлдэж чаддаг болчихно доо. Миний хувьд яг шалгалтынхаа өдөр нэлээн сандарч өөрийнхөө хүссэн оноог авч чадаагүй юм шиг мэдрэмж тухайн үедээ төрж байсан ч, би 6.5 авсан ч, 9 авсан ч сургуульдаа орж чадах юм байна гэсэн бодлоор өөрийгөө тайвшруулж, зөвхөн IELTS-д санаа зовохгүйгээр бусад зүйлс дээрээ төвлөрч эхэлсэн. Энэхүү дэд сэдвийн хамгийн гол санаа нь:
IELTS-ИЙН ШАЛГАЛТ БОЛ ЗӨВХӨН ЧИНИЙ ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙГ Л ШАЛГАХ ГЭЖ БАЙГАА ШҮҮ.-
Volunteer ажил
Хичээлээс гадуурх үйл ажиллагаа хичнээн чухал гэдгийг ч бас 11-р ангидaa маш сайн ойлгож авсан. Хүмүүс ихэнхдээ IELTS, Essay гээд volunteer ажлын ач холбогдлыг жаахан орхигдуулах гээд байдаг юм шиг санагддаг. Би өмнө нь ямар нэгэн үйл ажиллагаанд оролцож байсан туршлагагүй болохоор 2 жилийн дотор тэрийгээ нөхөх гэж янз янзын л зүйл хийж үзсэн дээ. Хамгийн гол нь сертификат авахдаа биш, яг тэр зүйлийг хийснээрээ юуг ойлгож сурсан бэ гэдэгтээ байдаг юм байна лээ шүү. Дараа нь ч бас application дээрээ тэр талаар бичих хэрэгтэй болдог. Манай сургуулийн хувьд Interact Club маань маш идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байсан болохоор клубээсээ зарлагдсан ажил болгонд оролцож, олон өөр талын туршлага хуримтлуулах гэж их хичээсэн. Сүүлдээ идэвхтэй байсаар сургуульдаа нэг шинэ клуб байгуулж бас төгсдөг жилдээ Interact клубийнхаа ерөнхийлөгчөөр нь хүртэл ажиллаад, ер нь иймэрхүү ажлуудын ач холбогдлыг маш сайн биеээрээ мэдэрсэн. Түүнээс гадна өөрийнхөө санаачлагаар бас ганц нэг байгууллагуудтай холбогдож сайн дурын ажил хийж үзсэн. Төгсгөлд нь хэлэхэд:
ЗӨВХӨН НЭГ ЗҮЙЛД НАЙДЛАГА ТАВИХГҮЙ, ӨӨРӨӨ ЭРЖ ХАЙЖ, ӨӨРИЙНХӨӨ СОНИРХОЖ БАЙГАА ЗҮЙЛИЙГ ХИЙЖ ҮЗЭЭРЭЙ.-
Яагаад Хонг Конг гэж?
Ер нь хүмүүс надаас асуудаг л даа. Яагаад Хонг Конгийг сонгосон бэ гэж. Би ч бас ахлах ангид орох хүртлээ Хонг Конг бол Монголчуудын шоппинг хийх гэж л очдог газар гэж боддог байснаа юуг нь нуухав. Ер нь би анхнаасаа Ази руу явна гэдэгтээ 100% итгэлтэй байсан. Баруун руу анхнаасаа нэг их сонирхоогүй учраас миний хувьд сонголт хийхэд бас тийм ч хэцүү байгаагүй ээ. Эхнээсээ нэг газар төлөвлөчихвөл сонголт хийхэд их амар санагдсан. Наанадаж л тэр нь бүтэхээргүй боллоо гэж бодоход тэрэнтэйгээ төстөй газар сонгож болно. Ер нь амьдрах газраа сонгоход маш нарийн wishlist гаргачихвал их зүгээр. Яг ямар орчинд, Монголooc хэр хол, ойр, ямар хэл дээр, ямар мэргэжлээр, яг ямархуу сургуульд би өөрийгөө 4 жил сурч байгаагаар төсөөлж чадаж байна гээд бодчихвол шүүгдээд гараад ирэх юм байна лээ. Миний хувьд анхны сонголт Шанхай байсан хэдий ч хангалттай тэтгэлэг авч чадаагүйн улмаас өөр газар сонгохоор болсон. Гэхдээ одоо сонгосон сонголт маань л хамгийн зөв нь байсан юм байна гэдгийг ухаараад байгаа. Тиймээс сайн судалж байгаад нэгэнт сонгосон бол:
СОНГОЛТОНДОО БҮҮ ЭРГЭЛЗЭЭРЭЙ.-
Хонг Конгийн өртөг?
Хонг Конг хүмүүсийн хэлдгээр ер нь их өртөг өндөр газар гэдэг нь үнэн байсан юм байна лээ. Нэг ус гэхэд л 5-8 мянган төгрөг байх жишээний. Гэхдээ нарийн мэргэжлүүдэд тэтгэлэг өгөх нь элбэг байдаг учраас ер нь судалгаа сайн хийгээрэй гэж зөвлөе. Хэдий үнэтэй газар ч санхүүгээ сайн төлөвлөөд сахилга баттай байж чадвал эсвэл эцэг эхтэйгээ сайн ярилцаж санхүүгийн нарийн тооцоо гаргаад үзвэл мэдээж амьдрах боломжгүй үнэтэй газар гэж байхгүй. (Гэхдээ ер нь үрэлгэн хүмүүст бол Хонг Конг жаахан хэцүү л газар гэж сануулж хэлье ххэ.) Аан бас хүмүүс Хонг Конгийг Хятад гэж ярьдаг ч яг Хятадын том том хотуудаас бол илүү баруунжсан, арай өөр vibe-тэй байдаг шүү. Тэгэхээр миний өгөх зөвлөгөө бол:
СУДАЛГАА САЙН ХИЙГЭЭРЭЙ.-
Хонг Конгийн их сургуулиудыг товчхон дурдвал…
Өртгөөс гадна их сургуулиудынх нь чанар бол баруунд лав гологдохооргүй сайн. Сүүлийн жилүүдэд Азийн сургуулиуд эрчээ авч, тэр дундаа Хонг Конгийн их дээд сургуулиуд дэлхийн rank-д нэлээд дээшээ орж ирсэн. The University of Hong Kong гэхэд л дэлхийд одоо 17-д орж байгаа, Ivy League болох Yale-ээс дээшээ rank-тай байх жишээний. Тэрийгээ дагаад мэдээж хийх зүйл, хувь хүний сахилга бат нэлээд шаардах ч Азид ийм чанартай сургуульд сурч болно гэдэг бол маш сайхан боломж юм шиг санагдсан. Тиймээс:
ӨӨРИЙГӨӨ ТУХАЙН ГАЗАР АМЬДАРЧ БАЙГААГААР ТӨСӨӨЛЖ ЧАДАЖ БАЙВАЛ ЭРГЭЛЗЭХ ЗҮЙЛГҮЙ APPLY ХИЙГЭЭРЭЙ.-
Хонг Конгийн их сургуулийн систем
Хонг Конг-д нийт засгийн газрын харьяат 8 их дээд сургууль байдаг ба бүх сургуулиуд нь Англи хэл дээр хичээлээ үздэг. Манай сургуулийн хувьд дэлхийд 62-т ордог, Азид 10-т ордог, Хонг Конгийн хамгийн залуу засгийн газрын их сургууль учраас research programme болон оюутнуудыг дэмжих үйл ажиллагаанууд нь маш өргөн хүрээнд зохион байгуулагддаг. Миний мэргэжлээр л гэхэд Азид 2-т орох жишээны. Гэх мэт энэхүү фактууд нь миний сургуулиа сонгох бас нэгэн шалтгаануудын нэг болсон доо. Манай сургуулийн хувьд ер нь STEM-ийн хүүхдүүд ихэнх нь тэтгэлэгтэй суралцдаг ба нарийн мэргэжилд угаасаа тэтгэлэг өгөх нь илүү байдаг. SAT эсвэл AP заавал шаардагдахгүй болохоор IELTS, Volunteer ажлууд, Essay байхад apply хийж болноо гэсэн үг. Ер нь бусад улсуудын их сургуулиудтай харьцуулахад нэг семестрийн үргэлжлэх хугацаа нь их хурдан болохоор эхнээс нь цаг алдалгүй хийх зүйлээ хийгээд явахгүй бол хоцрох магадлал их байдаг гэж хэлж болно. Жишээ нь энэ улирал гэхэд л сая 1-р сарын сүүлээр хичээл орж эхэлсэн бол одоо шалгалтын улирал дуусаад, амрах дөхөж байна. Тиймээс сурах цаг богинохон ч, хийх зүйл ихтэй гэж ойлгож болно. Ихэнх хичээлийн дүнгүүд явц гэхээсээ илүүтэйгээр улирлын дундах болон сүүлийн гэх хоёр шалгалтаар л үнэлэгддэг болохоор бөөгнүүлж байгаад гэнэт бэлдэлгүй, бага багаар юмаа хийгээд явбал их амар санагдсан. Дүнгийн хувьд 4.3 хүртэлх дүн авч болдог ба дунджаар 3.2 GPA-тэй байвал тэтгэлгээ авах эсвэл хадгалах нөхцөл бүрддэг. Тэгэхээр бас тийм ч дарамттай биш хэдий ч 12 жилийн системээс шал өөр байдаг болохоор хэдхэн онооны зөрүү ер нь бүхэл дүнд чинь нилээн damage учруулах боломжтой байдгаа гэдгийг санаад авчихад илүүдэхгүй байх. Эцэст нь хэлэхэд:
САЙН ДҮН АВАХ НУУЦ ГЭЖ БАЙХГҮЙ, ХИЙХ ЁСТОЙ ЗҮЙЛЭЭ Л ЦАГ ТУХАЙД НЬ САЙН ХИЙГЭЭРЭЙ.-
Оюутны амьдрал
Яг оюутны амьдралын тухайд гэвэл ер нь өдөр болгон л их сонирхолтой өнгөрдөг дөө. Би өөрөө их яриа, хөдөлгөөнтэй хүн болохоор ч тэр үү, өөр өөр газраас ирсэн маш олон шинэ хүмүүстэй танилцах нь их л сонирхолтой санагддаг. Яг Монголчуудын хувьд бол манай сургуульд нийт 6 л Монгол хүүхэд байдаг учраас хааяа нэг улсаас ирсэн, олуулаа нийлдэг хүүхдүүдийг хараад бага зэрэг атаархал төрдгөө юуг нь нуухав. Гэхдээ нөгөө талаас шинэ хүмүүстэй танилцаж байгаа нь миний амьдралд эргээд чухал хэсэг болж үлдэнэ гэж бодож байгаа. Бараг л өдөр болгон шинэ найзтай болж, юмсыг харах өнцөг, бусад орнуудын соёл түүхийг сурах нь надад ер нь оюутан байх хамгийн гоё хэсэг нь юм шиг санагддаг. Ер нь гадаад явахаасаа өмнө Монголынхоо талаарх сонирхолтой баримт мэдээллүүд, хамгийн гол нь түүхээ зайлшгүй мэдэх хэрэгтэй байдаг юм байна лээ шүү. Тиймээс эцэст нь энэхүү дэд сэдвийг Монгол ардын хэлц үгээр дуусгая.:
ӨӨРИЙГӨӨ ТАНИХГҮЙ ХҮН ӨРӨӨЛИЙГ ТАНИХГҮЙ.-
Их сургуулийн оюутан болох нь
Яахав яг үнэнийг хэлэхэд бага байхад гоё гоё эгч ах нар гардаг байсан кино шиг долоо хоног house party-нд яваад л, хайр дурлалаа олоод байсан юм байхгүй ээ хэхэ. Ер нь биеэ дааж хүний газар амьдарна гэдэг бол маш их хариуцлага байсныг одоо л ойлгож байна. Би эмээ өвөөгийн хүүхэд учраас багаасаа маш эрх өссөн болохоор гэнэт л гадаадад ганцаараа амьдрах болсон чинь эхэндээ бол асар хүнд санагдсан. Ганц ундааны мөнгөнөөс авхуулаад л, бичиг баримт, хичээл ном, дүн гээд бүх зүйлийг би л өөрөө араас нь явж бүтээх учраас би хичээхгүй бол өөрөө л хохирч, хэцүү байдалд орно гэсэн сэтгэлзүйгээр бүх зүйлээ сайн balance-тай байлгахыг хичээж байгаа. Миний их сургуулиас сурсан нэг чухал зүйл бол:
24/7 ХИЧЭЭЛ ХИЙНЭ ГЭЖ БАЙХГҮЙ УЧРААС ЦАГАА САЙН ЗОХИЦУУЛЖ СУРААРАЙ.-
Төгсгөлд нь хэлэхэд…
Ер нь оюутан хүнд алдах үе ч тэр, онох үе ч олонтаа байх болов уу? Тэр болгоноос суралцах нь л энэ аяллын хамгийн чухал нь гэж бодож байгаа. Юу ч гэсэн хэдхэн үгэнд ч болов өөрийнхөө туршлагыг багтаах гэж их л хичээлээ хэхэ. Мэдээж сүүлийн 3,4 жилийн бүх туршлагаа нэг бичвэрт бүгдийг нь бичихэд нэлээд бодуулдаг юм байна гэхдээ хамгийн чухал гэж бодсон бүх зүйлээ дурдсан гэж бодож байнаа. Өөрийнхөө туршлагыг хуваалцах боломж олгосон Абсолютын хамт олондоо баярлалаа. Ингээд энэхүү бичвэрийн миний өгөх сүүлчийн зөвөлгөө бол:
ИХ ЗҮЙЛ БОДОЛГҮЙ, БҮХ ТАЛААРАА САЙН СУРАЛЦАЖ, ХАРАХ ӨНЦГӨӨ ТЭЛЖ, БАЙГАА ЖООХОН ЦАГАА ENJOY ХИЙЖ ӨНГӨРҮҮЛЭЭРЭЙ.-